СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМ ДАХЬ ШШГХ-413 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь Сайд нарын зөвлөлийн 1937.08.06-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Мал тариалангийн яамны харъяа Хараагийн тариалангийн аж ахуйг Дотоод Явдлын Яамны мэдэлд шилжүүлж, Засан сайжруулах газрын хоригдол ажиллуулах лагерь байгуулахаар тогтсоноос үүсэлтэй ажээ.

Анхны даргаар хошууч Ө.Чулуун, орлогч даргаар нь хичээнгүй цолтой Ш.Дамдин нар ажиллаж байжээ.

Эхний үед тус лагерьт тагнуулын хэрэгтэн өвөр Монгол, хувьсгалын эсэргүү хэрэгтэн лам хуварга зэрэг 10-25 жилийн ялтай 800 гаруй хүн хоригдож байсан байна.

Тус байгууллага нь Хараагийн сав нутагт газар тариалан, шувууны аж ахуй, мод бэлтгэлийн ажил эрхлэн спирт үйлдвэрлэж, Бороод алт олборлож байсан түүхэн баримт олон байдаг.

Хараа голын нугасан тохойд Зөвлөлтийн мэргэжилтэн Гельзев, Феодров нарын туслалцаатай усан тээрэм байгуулан анхны даргаар дэслэгч цолтой Лувсангомбо 40 гаруй хоригдлыг удирдан 800-гаад хоригдлын хэрэгцээт гурил, талх хийж байв. Тэд үүргээр ч зогсохгүй дайны хүнд үед цэргийн хоол хүнсэнд гурил нийлүүлж байснаас үзэхэд хоригдлын хүчийг нийгмийн тустай үйлдвэр ашиглах, тэднийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх ажил тус лагерьт өрнөжээ.

 

1954 онд Бороод колони байгуулан алт олдворлож, Ерөө, Бугантанд мод бэлтгэж, хоригдлуудыг гэрээгээр ажиллуулж, Зүүнхараагийн Балж үдлэгт мод бэлтгэн зам засварлах ажил хийж байсан юм. Түүнчлэн 1956 онд Түнхэлд мод бэлтгэх 2 дугаар лагерийг салбар болгон байгуулж, Улаанбаатар хотын түлээний аж ахуй, цэрэг нийгмийн аюулаас хамгаалах яамны аж ахуйн түлшний мод нийлүүлж байв. 

   

1980 онд ЗХБУГ-ын Зүүнхараа дахь ЗХХ Колони болон өргөжиж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх зорилгоор Бэрлэг дэх ЗХХ Колонийг байгуулж түүхий эд, материалаар хангах, Дарьт дахь Ой үржүүлэх ангийг татан буулгаж тус колонид нийлүүлсэн нь үр дүнгээ өгч дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, Зөвлөлт Казакстаны Алма-Ата, Карганда, Чемкент, Антюбинск, Чайкурк, Баку, Базыкур зэрэг хотуудад жилдээ 35-60 мянган шоо метр зүсмэл нийлүүлж, Гадаад Яамны Монгол Экспорт нэгдлээс шагнуулж байсан. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/169 дүгээр тушаалаар тус хорих шийдвэр гүйцэтгэлийн тасагтай нэгтгэн ШШГАлба болгон зохион байгуулсан ба Монгол Улсын засгийн газрын 2002 оны 155 дугаар тогтоолоор Цагдан хорих байрыг ажилтан болон орон тоо, төсөв хөрөнгө, санхүүгийн хамт хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байан.